Нөхөр чинь хэрвээ гэнэт нөхөр,
Дайсан нь мэдэгдэхээ больчихвол
Сайн, муугийн аль нь ч бүү мэд
Саарал өнгөтэй болчихвол
Тэглээ гээд ганцааранг нь бүү орхи
Тэрнийгээ чи уул руу аваад авир
Нэгэн олсоор холбогдсон хойноо
Найз чинь тэнд хэн бэ гэдгээ харуулна
Хэрвээ тэр чинь ууланд гараад нусгайтчихвал
Хэлтгий гишгээд унаж тусаад салбайчихвал
Уйлан гонгиноод мөсөн гол дээр үлбийчихвэл
Ухарч сөхрөөд өвдөг нь чичрээд ялбийчихвал
Тэр чинь харин чиний анд биш.
Түүнийг харааснаас хөөгөөд явуулах нь дээр
Оргил тийш тийм хүнийг дагуулаад хэрэггүй
Оргил дээр тэдний тухай дуу дуулахгүй
Хэрвээ тэр чинь гаслахгүй бол, гонгинохгүй бол
Хэрвээ тэр чинь хөмхийгөө зуугаад зүтгээд байвал
Хэрвээ чамайг хадан хавцалаас хальтран зүүгдэхэд
Хэдийгээр ёолон байвч, угзраад чамайг татвал
Тулаанд орох мэт чамтай хамт мөр зэрэгцвэл
Туйлын өндөр оргил дээр хамтдаа гараад зогсвол
Түүндээ чи өөр шигээ итгээрэй
Тийм хүнд л өөрөөсөө илүү найдаарай
|