Түгшүүр нөмөрсөн, тас харанхуй шөнөөр
таварцаглаад унавал, ирмэг дээгүүр явах болбол
Дуудахын чангаар дууд, дуугаа битгий хураа,
нуугаад байсны хэрэггүй, дууг чинь би танинаа.
Болсон хөх тариан дотор цээжиндээ сумтай унавал
битгий үхчихээрэй, тэсээд л байгаарай, гүйгээд л очно.
Өвс, агаар хоёр нь эдгээгээд өгдөг газар лүү
эвий минь хоёулаа очно, битгий үхчихээрэй, цусаа гамнаарай.
Мориныхоо нуруун дээр байгаа цагт бүү сандар,
морь чинь нугаа танина, хурдлан давхиад хүрээрэй.
Амьд усан булаг оргилон жирэлздэг тэр газарт
асар хүнд шархыг чинь дорхноо аниулаад өгнө.
Цоожинд сууна уу, алсын замд уу, хаа явна,
зөрлөг, уулзвар, салаа замын альханд байнав?
Ядарчихав уу, гутарчихав уу, гурван нарсанд төөрчихөв үү,
ямар ч зүгийг үл мэдэн, буцах замаа үл олно уу?
Цасан дороос булаг хоржигноод, энд үнэхээр сайхан,
цаадах, наадах аль ч газраас илүүг нь хайгаад олохгүй.
Цэцэгс, бут сөөг, мод бүхэн хэнийх ч биш,
зөвхөн хоёулаа л хүсэж чадвал биднийх болноо.
Хонгоор татсан шавар дундуур зүтгэн тэмүүлээд,
хөл нүцгэнээр үзүүртэй чулуу, цэв хүйтэн ус туучаад,
Галд шарагдаж, тоосонд дарагдаж, утаанд хахавч
гагцхүү наашаа мөлхөөд, зүтгээд, хүрээд ирээрэй.
|