Хайртай шүү, чамдаа, одоо ч хайртай.
Далдуур биш илээр. "Дараа" нь биш, "өмнө" нь ч биш
Даанч их уйлан эсвэл инээн, нүдэнд чинь унан шатна.
Өнөө цагт л би чамдаа хайртай.
Өнгөрсөн цаг дээр биш, ирээдүй дээр харин бүү мэд.
"Хайртай байсан" гэдэг бол
Хүүрийн газраас ч гунигтай.
"Хайртай байсан, гэхдээ л..." гэж
Найрагчдын найрагч хэлсэн ч гэлээ
Хайран энхрий үгсийг чөдөрлөөд хаячихдаг юм.
Халагдсан, гандсаны тухай л тэгж ярьдаг.
Хаан ширээнээс буусан эрхэм дээдэстээ хандах мэт
Харамссан, өрөвдсөн сэтгэл нь тэгж илэрдэг.
"Хайртай шүү" гэдэгт үл итгэх итгэл,
Хаяад явчихсаны хойноос харамсах сэтгэл,
Хаягдсан тэмүүлэл нуугдаж байдаг аа.
Хар толбогүй, хаях гээх юмгүйгээр
Хайрлаж байна чамайгаа, яг одоо,
Миний эрин ирлээ, судсаа ханаад яахав,
Миний цаг үргэлжилж,
Өнгөрснөөр үл амьсгалж, Ирээдүйгээр солиорохгүй ээ.
Чам руугаа би хөвөөд ирнэ, туучаад ирнэ,
Гинжтэй ч байсан, дөнгөтэй ч байсан хүрээд л ирнэ,
Толгойг минь автугай.
"Хайртай шүү" гэдэг үгний дараа л харин
"Хайрлах болно" гэдгийг л бүү нэхээрэй.
"Хайрлах болно" гэдэг энэ үгний цаана
Хачин тэнэг, хуурамч гарын үсэг,
Үүцээ хадгалсан төмөр сав,
Өнгөө хувиргасан шингэн хор,
"Хайртай шүү" гэдэг үгийг тас алгадсан
Хачин тэнэг эргэлзээ нуугдаж байдаг аа.
Ирээдүйд ингэж биш, өнгөрснөө өөрөөр биш
Франц зүүд зүүдлэн
Цаг хугацаанд уусахгүй.
Хэлний тотгор намайг дуудаж
Гутамшгийн багананд хүлжээ.
Өөр хэлтэй байна гэдэг
Өчнөөн их сүйрэл юм.
Хоёулаа харин гарц хайна, хуримаа ёслоно.
Хайртай шүү, чамдаа, өнгөрсөн цаг дээр ч,
Ирээдүйд ч, дөнгөж өнгөрсөн цаг дээр ч бас!
|