Галав юүлсний дараахан их усан
Гадаад их далайн эрэг сав руу ороход
Эргэлдэн буй үерийн тэр их хөөснөөс
Эрэг дээр Дурлал сэмээрхэн гарч иржээ.
Хугацаанаасаа өмнө тэгээд агаарт уусан холилдов
Хугацаа нь гэвэл дөчин галвын дайтай...
Тэрхүү хольцыг нь хачин хүмүүс /тийм улс бас байх/
Тэнүүн цээжээрээ дүүртэл сорох юм.
Түүгээр л амьсгалж байх ёстой юм шиг
Тэгээд бас шагнал горьдохгүй, ял хүлээхгүй.
Тэгш биш, жигд биш тэрхүү амьсгалынхаа
Тэнцвэр алдуулсан аяг маягт захирагдана.
“Би дурлаж байна” гэдэг нь
“Би амьсгалж байна” гэдэгтэй
утга нэгэн болохын учир
усан онгоцноос ч тогтвортой хөвнө.
Дурлалын эх орон -уудам эх орон.
Дугуй тойргоор хэрэн, аялан зугаална.
Шадар цэргүүдий нь туршиж,
Шүдамыг ньасууна.
Орон зай, хагацал гунигийг шаардана.
Олон хоногийн нойрыг үргээнэ...
Ухаанаа алдсан тэднийг
Урвуулан буцаагаад эргүүлчихэж болохгүй.
Холбож хэлхсэн үл харагдах утасныхаа
Хоршил хөгийг нь хадгалахын тулд
Алив бүхнээ зориулахад ч бэлэн,
Амьдрал юугаа золиослоход ч бэлэн.
Агуу хайранд мансуураагүй бол
амьсгалаа ч үгүйтэй агаар нэгэн учил
хөнгөн салхи тэднийг согтоож
хөлийг нь ч хугална, авснаас ч босгоно.
Дурлалдаа төөрсөн заримыг нь
цуудаад ч нэмэргүй ээ, дууг чинь сонсохгүй...
Тэдэнтэй хов жив л тооцоо хийнэ.
Тэгээд бас улаан цусан дагалдана...
Зүйрлэшгүй дурлалд амиа өгсөн тэдний
Зүмбэр хээтэй зурган дор зул асаана...
Тэдний хоолойд ая дан нэгсэх заяатай.
Тэдний сэтгэл цэцгэн дундуур туучих хувьтай.
Дэндүү эмзэг тарам, гүүрэн дээр
Дэндүү давчуу зөрөг, зөрлөг дээр
Нэгэн амьсгалаар мөнхөд уусах зурагтай.
Нэгэн үнсэлтээр ахиад нэгсэх тавилантай.
Дурласан хосод би тал хээрийг
дунд нь ганцхан ор болгон засаж өгье.
Амьсгална гэдэг бол дурлаж байна гэсэн үг.
Дурлана гэдэг бол амьдарч байна гэсэн үг.
|