Аливааг муугаар дуусахад би дургүй
Амьдралаас харин би огт шантраагүй
Шаналж зовох шартах аль ч тэр үеийг
Адилхан зэвүүцэн би үл тэвчинэ
Ихэмсэг хүйтэн занг хэзээний үзэн ядна
Эрхэмсэг хоосон чанарт би үл итгэнэ, басхүү тэгээд
Хулгайн нүдээр хүний захиа уншиж байх
Хэний ч гэсэн нүгэл хэмээн би цээрлэнэ
Үнэн худал нь үл мэдэгдэх хагас дутууд дургүй
Үгийг минь таслаж үл тоомсорлоход ч дургүй
Үгийн зөрөөгүй өөдөөс хутга тулгах яав ч шударга бус
Үгүй гэхэд ар нуруунаас хутга шаах үнэхээрийн өөдгүй зан
Хоосон хов жив яриаг хэзээд үзэн ядна
Хий хуурамч магтаал, шийдэмгий бус зан
Аль эсвэл шарыг минь малтаж бахаа хангах
Адаглаад л зүрхийг минь зүсэх чихраанд би дургүй
Бардам онгироо занг хэзээний үл тэвчинэ
Болвол түүнийг чөдөрлөөд хаявал дээрсэн
Нэр төрөө уландаа гишгэх хоёр нүүртэн юу ч биш
Нээрээ ингэхэд нэр төр гэж юуг ч хэлэх билээ
Тэнгэрээс унасан далавчийг олж харахдаа
Тэгэсхээд өнгөрдөг нь өрөвч зангүй ч юм шиг би
Харгис хэрцгийг арчаагүйтэй адил үзнэ би
Харин гэмгүй Христ золиослогдсонд л харамсана
Хулчгар зан гаргахдаа өөртөө би дургүй
Гэм буруугүй нь шийтгүүлдгийг би үл тэвчинэ
Сэтгэл рүү минь өнгөлзөхөд мэдээж би дургүй
Сэв суулгаад тэр ч бүү хэл нулимаад хаях юм
Аливаа өндөрлөгт хэзээний би дургүй
Амь насаа түүнд арилжихад ч бэлэн хүн бий
Ирээдүйд намайг их өөрчлөлтүүд угтлаа ч гэсэн
Өнөөдрийнх шигээ би дургүй байх болно.
|