Алд бие, нэр нь дуулиангүй ч
Аз тэнсэн алдлах мэт
Амьдралын тайзан дээр
Алхалж байнам тэр
Урт мэдрэлийн судас шиг чивчирсэн
Утсан дээгүүр явнам тэр!
Хараач хөөе!
Хамгаалалт ч үгүй явж байна!
Хариугүй баруун тийш
хазайвал унана!
Харин зүүн тийш хэлтийвэл үхнэ...
Дөрвийн дөрвөн хэсэг замыг тэр
Дөтлөж туулах нэг л учир байна!
Гэрлийн цацраг цэцгийн өргөс шиг
Гэнэтхэн сүлбэж хөл алдуулна
Бүрээн дуу хоршин эгшиглэнэ
Бүгд л зөв зүйтэй гэж хашгирна
Цэлмэг өдөр аянга буух шиг
Цээлхэн хэнгэргийн дуу тачигнана!
Хараач хөөе!
Хамгаалалт ч үгүй явж байна!
Хариугүй зуүн тийш
хазайвал унана!
Харин баруун тийш хэлтийвэл үхнэ...
Дөрөвний гурвыг нь одоо тэр
Дөтлөж туулна! Тайван бай! Ай даа!
Аймаар ч, бахархмаар ч өрөвдмөөр ч!
Аймшигт үхэлтэй гурван хурам үзэлцэнэ
Алмайрч гайхсан үзэгчид суудалдаа
Амаа ангайн хөдөлгөөнгүй сууна...
Орой дээрээс нь тэднийг харахад
«Одой хүмүүс, одой хүмүүс л» санагдана!
Хараач хөөе!
Хамгаалалт ч үгүй явж байна!
Хариугүй баруун тийш
хазайвал унана!
Харин зүүн тийш хэлтийвэл үхнэ!
Дөрөвний тэн хагасыг нь тэр
Дөтлөж туулна! Тайван бай!
Анхных нь байхыг хүссэн болохоор
Алдаршуулан баясахад тэр мишээнэ
Санасандаа хүрч санаа амрагчид
Саад хийх ч хэцүүхэн байх аа!
Хэнгэргийн айзмаар утсан дээгүүр биш
Хэлхээстэй мэдрэлийн минь судсан дээгүүр явнам!
Хараач хөөе!
Хамгаалалт ч үгүй явж байна!
Хариугүй зүүн тийш
хазайвал унана!
Харин баруун тийш хэлтийвэл үхнэ!
Дөрөвний нэгийг л одоо тэр
Дөтлөж туулна! Чимээгүй бай!
Амьтан сургагчийг аашлан хашгирахад
Араатнууд дамнуургыг дамжлан явав...
Айж сандарсан ч, итгэлтэй байсан ч
Арга хэмжээ нь адилхан хатуу
Үнэн гомдлоо ч, урсах цусаа ч
Үртсэнд тэр, үртсэнд тэр шингээж байна!
Өнөөдөр тэнд өөр
хүн тэмцэж явнам
Өлмий дорхи утсан
дээрээ тэнцэж яднам
Өчүүхэн төдий баруун, зүүн тийш хэлтийвэл үхнэ
Дөрвийн дөрвөн хэсэг замыг тэр бас
Дөтлөж туулах нэг л учир байна!
|